Wednesday, August 8, 2007

Номын өргөө



13-р зуун цогцолборын "Номын өргөө"-р зочлохдоо хүн бүр respect үзүүлэх үүднээс гутлаа тайлж ордог. Бидний өвөг дээдэс үеийн үед агуа сайхан уйгаржин бичиг/монгол бичиг/-ээ дээдэлдэг улс байсан. Одоо тэгэхэд шал харийн Орос цагаан толгойноос хуулбарласан бичгийг шинэ цагаан толгой гэсэн нэрийн дор авч хэрэглээд удлаа. Энэ нь нэг талаараа Оросуудтай ахан дүүс гэж явсны хэдэн жилийн бас нэгэн үр дүн. Яахав нийгэм хувьсан өөрчлөгдөж, дэлхий даяарчлагдаж байгаа өнөө цагт энийг том асуудал болгож ярих нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байж магад. Гэхдээ л яаж ч даяарчлагдаж, улс орнууд хилийн зурвасгүй болж байсан ч УЛАМЖЛАЛ гэж хамгийн эрхэм нандин өвийг хадгалж үлдэхгүй бол болохгүй гэж би л хувьдаа боддог юм. Тэгсэн бүр нэг хэсэг юу болов оо, крилл цагаан толгойгоо болиод Англи хэлний цагаан толгойг галигаар нь хэрэглэе энэ тэр гээд л байх шиг байсан. Би л хувьдаа дургүйцэж байсан. Англи хэл, Орос хэлийг үгүйсгэж байгаа юм биш л дээ. Гадаад хэл, бичиг бол одоогийн эринд зайлшгүй хэрэгтэй нь үнэн. Гэхдээ бид өвөг дээдсийнхээ хэдэн мянган жил хэрэглэж ирсэн "уйгаржин бичиг"-ээ хэзээ ч орхиж болохгүй ээ. Улам бүр хадгалан хамгаалж, хөгжүүлэн цэцэглүүлж байх ёстой. Тийм ч утгаараа 13-р зуун цогцолборын "Номын өргөө"-нд зочилсон жуулчдад тэдний нэрсийг муутуу цаасан дээр уйгаржин бичгээр бичин дурсгал болгон өгдөг үйлчилгээ байхаас гадна уйгаржин бичгийн олон төрөлт /дүрсэн, эвхмэл, нугалмал.../ хэлбэрүүдийг дэлгэн үзүүлсэн байдаг. Мөн тус өргөөний багш шавь нар уйгаржин бичгийн түүх, үүсэл гарал, төрөл зүйлүүдийг сайхан тайлбарлаж өгнө. Хэрэв та хүсвэл тэрхүү цогцолборт уйгаржин бичиг заалгахаар шавь орох боломжтой. Ер нь ажиглаж байхад жуулчид тэр нэр бичиж дурсгал болгон өгч байгаа үйлчилгээнд их дуртай бөгөөд Монголчууд яагаад энэ сайхан бичгээ хэрэглэхээ больсон түүхийг их асуудаг. Тэгэхээр бид энэ тал дээр илүү их юм хийх л хэрэгтэй байна. Их юм хийх гэж байна гээд 2 сая 500 мянган хүнийг цөмийг нь уйгаржин бичиг сур гээд байгаа юм биш л дээ. Ядаж сурсан хүмүүс нь мартаж болохгүй, сурсан нэгнээрээ бахархаж, энэ тал дээр юм хийж байгаа нэгнээ дэмжиж байгаарай л гэж хүсэх гэсийн.

No comments: