Thursday, August 16, 2007

Тэнгэр шиг бай

Би эрч хүч ханхалсан шүлгүүдийг хааяа уншиж өөртөө энерги авдаг . Энэ удаад өөрийнхөө хамгийн унших дуртай, хамгийн сайн цээжилсэн шүлгээ бичин оруулж байна. Танд ч бас нэгэн сайхан энерги өгнө гэдэгт итгэлтэй байна.
О.Дашбалбарын шүлгээс...

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч тэнгэр шиг бай

Тэвчээр барагдаж нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан
Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай

Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март

Яг л энэ амьдрал дуусч, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртөвч
Ядмагхан амьтадыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжилж байгаа цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй ээ

Уур омог урин мунхагийг мартаж тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос гарч жигүүрээ дэлгэ
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдэгээ битгий мартаарай

Цорын ганц хүү минь, охид минь, хүүхдүүд минь
Цөхөл ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай
Хувь заяатай эвлэрч ямагт тэвчээртэй бай
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг ойлгоно чи бас
Аз жаргал ирнэ, гэвч удахгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо, гэвч удалгүй арилдаг юм

Жамаараа ертөнцөд бүх юм өдөр шөнө ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч мөнхөд тэнгэр шиг бай
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм

Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Яриж хэлэх, хөдлөх бүхнээ өөрөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр

Юм бүхэнд өөрийн байгаагаараа сөрөөд хэрэггүй
Илд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлөгийг хэмлэдэг юм
Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээ тайван хийдэг
Сандарч хэрэггүй тэнгэр шиг бай
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтадын зиндаад бүү уна

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүгэлээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болохгүй, үйл бүтээ

Гаднаан ямагт бусдад дорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй дотроон тэнгэр мэт агуу бай
Үг яриа хэрэггүй газарт, харцаараа үгүйлж сур
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүнд
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь
Хүү минь хамгийн эцэст нохойн явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс өөр гавьяаг би мэдэхгүй ээ.


No comments: