Thursday, August 23, 2007

Дарнатын Гэгээнтэний Наймдугаар Дүрийн Сургаалын Бичиг Оршибай

Жавзандамба хутагтын айлдаж байсан сургаалыг монгол бичгээс хөрвүүлэн бичлээ. Та уншин болгоож, тунгаан бодно уу.

Ум сайн амгалан болтугай. Сухаавидын орноос бууж ирсэн тавин хоёр төрлийг дурдсан мянган мэлмийтэй, түмэн сонортой далан таван махгалын дүртэй баруун газрын далай лам банчин богд Жавзандамба дарнадын гэгээн бичин жилийн намрын дунд сарын шиний найманд алтан сургаалийг дөрвөн удаа тараав.

Хүрээний сайд Эрдэнэ Шанзадба ноён Халхын дөрвөн аймагт наймдугаарын сургаалыг дөрвөн удаа тараав. Ар халх миний мунхаг болоод улаан бараан хараал, бараан архи тамхи, улаан оройтой малгай, задгай ээтэн малгай, хөвөөтөй бамбай дээл, задгай бүс өмсөж, бүсэлдэг чинь буруу хэлтэнтэй уулзахын тохиол байна.

Улаан хантайз өмсдөг чинь хаа гуяа огтчуулахын тохиол байна. Ээтэн улаан зулахтай гутал өмсдөг чинь цус дүүрэн байхын тохиол, улаан гуятай хутга зүүдэг чинь буруу хэлтэний мэсэнд дайралдахын тохиол, түрүүчийн улаан гөлөм тохдог, улаан ташуур барьдаг чинь буруу хэлтэнтэй учирахын тохиол, бараан улаан хараал, бараан архи тамхи, завхай хувцас бүгдийг эдэлдэг чинь биелээд нүдэнд чинь үзэгдэж харагдсан биш үү. Гаслант Ар Халх минь зугтаж нэгэн өдөр амар үзсэнгүй биш үү, тавин хоёр төрөл дээр нөхцсөн Жавзандамба Дарнат би Ар Халх юугаан үүрийн харанхуйд нэг, нар гарахад нэг, өдөр дунд нэг, үдшийн бүрийд нэг, өдрийн дөрөв эргэдэг биш үү. Намайг ийм гэж санадаг хүн нэг ч үгүй, авгай дагинас нар миний таван цэн мөнгө тэвчиж, зүү үсээ өндөр боогоод далавч мэт хийгээд дарсан мөр дээр хийх нь цөвүүн цагийн хэрэгсэл хөө хуягтай зах адил , алт мөнгө эдэлдэг чинь дайн дайсан болохын тохиол байна. Үсний үзүүр гэрийг задгай явдаг чинь гэрийн эзэн хүний хийморь дарахын тохиол байна, Олон хуврагууд миний хуралд орхимжоо бүслээд цэврээн гэсгүүлээд хурлаа дутуу орхиод явдаг чинь дайн дайсан болохын тохиол байна. Олон тойн хуврагууд минь шажин хурлаа хичээж орны чойрон номын сахиусанд догшил өргөөд явдаг чинь болбол сүмбэр уулын оройд таван өнгийн солонго, алтан дуганы оройд таван өнгийн солонго татаж тойн хуврагууд юугаан оройн чимэг болгож дээд ерөөл саная. Тойн хуврагууд минь лам багш нараас ван жонон гүн авшиг хүртэж аваад, сүүлд нь бие биеээ муу хэлдэг чинь тангараг эвдэрхийн тохиол биш үү. Ар, өвөр халхын дөрвөн аймаг шар хар олон бүгдээр намайг тахиа жилийн өвлийн тэргүүн сарын арван таванд Очир Дарь лам гэж алтан ширээн дээр залж тахив. Би зуун хорин нас наслая, нэгэн наснаас эхлээд наян нас хүртэл над лугаа учирч мөргөсүгэй. Би хүслийг тань гүцээе буян хишигийг тань дэлгэрүүлэн жаргаая. Ар, өвөр халх хийгээд бүгдээр бараан улаан хараал, бараан архи тамхи, завхай хувцас бүгдийг нэгэн өдөр ч бол тэвчиж, эс тэвчдэг болбол дайсан болохын тохиол байна. Та бүхний хийсэн буян хилэнц хоёр эрлэг номун хааны толь мэт миний баруун зүүн алгат илхэн байна. Халх дөрвөн аймаг өрх дараалан Жадамба, Сундуй, Алтангэрэл, Товуу хамчиннагва, Намдаг санг хичээж уншуулбаас буян хишиг хийморь нь дэлгэрнэ биш үү. Олон тойн хуврагууд минь Гурван гүрэм, Дарь эх, Гүсэнтүгийн мандал, Гурван Солдов, Чогчид маани, Мэгзэм үүнийг амны уншлага болгож уншбаас юу санасан үйлс чинь магад гүйцэд дэлгэрнэ биш үү. Цөвүүн цаг ирнэ эв тангарагаа сайн хичээ, цөвүүн цагийн цагаан тамхи гэгч гарна биш үү. Үүнийг гармагц нүглийн эрх тачаангуй хурьцалаар татахгүй хүн нэг ч үгүй болох түүнийг эд бараа хамаг юмаа өгч татаад сүүлд нь үр хүүхдээ татаад, тун сүүлд нь хоёр нүдээ өгч татаад аргагүй болоод үхэж нөхчсөн хойно мянган галав болтол очир тамаас гарахгүй болно биш үү. Ар халх минь баян гэж бүү бард, үгээгүй гэж бүү гомд, зуу наслахгүй байж мянган жилийн юмыг хураадаг биш үү. Тавин хоёр төрлийг дурдсан Жавзандамба дарнад би ар халх юугаан улаан бараан хараал, бараан архи тамхи, завхай хувцаснуудыг нэгэн өдөр ч бол тэвчдэг болбол олон тойн хуврагууд юугаа оройн дээд очир дарь багш мэт саная. Гэрийн эзэн хүнийг эцэг мэт саная. Авгай дагинасыг эх мэт саная. Таныгаа замбуутивийн чимэг мэт эргэж байна. Би холоос ойр байна биш үү. Миний сургаж гуйсан эдгээрийг нэгэн өдөр ч бол тэвчиж үхбээс Гандан Тэгчиглэнгийн оройд Гэлэн болгож төрүүлэе.

Миний энэ сургаалыг номтой хүн үзэж сонсбоос арван тавны сарны гэрэл мэт адилхан, мунхаг хүн үзэж сонсбоос харанхуй доторх адгуусан лугаа адил, миний энэ сургаалыг нэгэн гэрт үзэж сонсбоос гурван сарын гай магад гарах буй, бичиж тахибаас гурван жилийн гай магад гарах болмуй. Эх болсон хамаг амьтаны зовлон амирлаж бурханы хутгийг түргэнээ олох болтугай.

Ум Ма Ни Бад Ми Хум

No comments: